Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан "У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дөрвөн том салбарыг хамарсан БСШУСЯ-наас соёлын бодлогыг тусгаарлан, 23 жилийн дараа бие даасан Соёлын яамыг 2020 онд байгуулсан нь төрийн чухал шийдвэр байв.
Энэ нь өв соёл, уламжлал, үндэсний үнэт зүйлээ хамгаалах, иргэдээ соёлын салбар нь түүчээлэн манлайлах, гэгээрүүлэх, нийгмийн хүмүүжил, ёс суртахуун, үндэстний ондоошлыг бэхжүүлэх төрийн бодлогыг илүү төвлөрсөн, цэгцтэй хэрэгжүүлэх зорилготой байсан юм.
“Чингис хааны музей”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний номын сан” зэрэг үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд эхэлж, Монголын өв соёлыг дотоод, гадаадад сурталчлах олон жил орхигдсон ажлууд эрчимжин, Соёлын салбар сэргэж, төрийн бодлогын түвшинд үнэ цэнтэй байр сууриа олж эхлэх том боломж байлаа.
Гэвч цөөхөн жилийн дараа бие даасан Соёлын яаманд дахиад Спорт, Аялал жуулчлалын салбарыг нэгтгэж, улмаар Залуучуудын асуудлыг нэмж хариуцуулах болсон нь бодлогын төвлөрлийг сулруулсан шийдвэр болсон. Ингэснээр соёлын бодлого үндсэн чиг үүргээсээ сарниж, олон салбарын ачаалал дор мэргэшсэн хүний нөөц, институцийн чадавх суларч байна.
Ялангуяа залуучуудын хөгжлийн бодлогын асуудал орхигдож буйд үнэхээр харамсаж байна. Өмнө нь орон нутагт залуучуудын хөгжил, оролцоог хариуцан ажилладаг бүтэц, албан хаагчид байсан бол өнөөдөр энэ чиглэл тархай бутархай болжээ. “Залуучуудын хөгжлийн тухай хууль” батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, залуучуудын дунд гэр бүл салалт, сэтгэл гутрал, амиа хорлолтын үзүүлэлт өндөр байна!!!
Соёлын салбар нь зөвхөн урлагийн асуудал биш. Энэ бол хүүхэд, гэр бүлийн хүмүүжил, эх хэл, үндэсний үнэт зүйл, “МОНГОЛ ХҮН бэлтгэх” бодлого, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал юм. Хүүхдээ эх хэл, өв соёлоор нь хамгаалах, залуу гэр бүлүүдийг дэмжих, үндэсний ухамсартай иргэн төлөвшүүлэхэд соёлын бодлого асар чухал үүрэгтэй.
Монголчууд бид хүнээ дээдэлдэг, ёс жудагтай ард түмэн. Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдээ Төр нь эцсийн замд нь хүндэтгэн үдсээр ирсэн. Ажлын хэсэг байгуулж хэн үг бичих, юу хийх бүгд хатуу чанд протоколын дагуу явдаг. Энэ нь ч Монголын соёлын бодлогын нэг хэсэг билээ.
Саяхан БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүдийн анхдугаар чуулганыг зохион байгуулж, тэнд ажиллаж, амьдарч байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүдийнхээ санал бодлыг сонсох боломж олдлоо. Монголынхоо Төрийн дууллын үгийг мэдэхгүй монгол хүүхдүүд маань БНСУ-ын Төрийн дууллыг төвөггүй итгэлтэй дуулж байна.
Гадаадад өсөж, хүмүүжиж байгаа монгол хүүхдүүдийн хувьд эх хэл, үндэсний өв соёл, үнэт зүйлээ хадгалан авч үлдэх асуудал улам чухал болж байна. Хэл соёл гэдэг бол зөвхөн харилцааны хэрэгсэл бус, үндэстний дархлаа, монгол хүний мөн чанар, эх оронтойгоо холбоотой байх сэтгэлийн гүүр юм.
Иймээс хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, соёлын боловсролыг дэмжих чиглэлээр ч Соёлын яам энэ чухал асуудлыг бодлогын түвшинд онцгойлон анхаарч, зөв оновчтой шийдвэр гарган шуурхай ажиллах шаардлагатай байна, хийх ажил асар их байна.
Илүү үг хэлж олон хүний уур дургүйг хүргэж байгаа байх. Гэвч энэ салбар нурвал улс үндэстэн минь байхгүй болох учир мөн МОНГОЛ ХҮҮХДИЙН ЭХ ХЭЛ ӨВ СОЁЛОО сурах мэдэх ЭРХИЙГ нь төлөөлж бичлээ" гэв.